Хүүхдийн ой тогтоолтыг хөгжүүлэх нь

Эцэг эхчүүд бүгд л үр ухаантай боловсрол мэдлэгтэй хүн болгохыг зоридог. Бүгд хүүхдээ сургуульд онц сурах ёстой гэж үздэг. Гэвч хүүхэд бүр ой тогтоолт, анхаарал төвлөрөлт зэрэг нь өөр өөр байдаг. Тиймээс хүүхдийг багаас нь ой тогтоолтыг нь хөгжүүлэх дасгал хийлгэж байх хэрэгтэй.

Хүүхдийн ой тогтоолтыг төрсөн цагаас нь эхлэн хөгжүүлэх хэрэгтэй

Хүүхдийн ой тогтоолт дэндүү энгийн гэж үзэж болохгүй. Түүний тархинд маш нарийн сэтгэх ажиллагаа явагдаж байдаг. Мэдээж хөхүүл хүүхдийн ба цэцэрлэгийн ахлах насны хүүхдийн тархи огт өөр зохион байгуулалттай, иймээс хүүхдийнхээ ой ухааныг хөгжүүлэхийн тулд нас бүрийн онцлогийг тооцох хэрэгтэй.

Төрснөөс хоёр нас хүртэл
Хүүхдээ зургаан сар хүрснээс хойш өглөө бүр түүнтэй нэгэн хэвийн маягаар мэндэлж байгаарай. Сэтгэл зүйчдийн бодлоор энэ насанд хүүхэд “богино ой тогтоолттой” байдаг гэнэ. Иймээс хүүхэд өдрөөс өдөрт байнга давтагддаг юмыг амархан тогтоодог. Та ийм байдлаар хүүхдийнхээ ой тогтоолыг хөгжүүлж хөгжлийн зохих түвшинд байлгаж чадна.

Нэг настай хүүхэд тоглоомоор дамжуулж ахуйн эд зүйлсийг таниулах хэрэгтэй. Жишээлбэл хүүхэлдэй эсвэл бамбаруушийг нь усанд оруулж тоглуулах. Хүүхэд тэр бүхнийг сайн тогтоож авна гэдэгт та бүү эргэлзээрэй. Дараа нь хүүхдээ дуурай гээрэй. Ийм байдлаар таны хүүхэд амьдралын мэдлэгт суралцана. Хоёр наснаас эхлээд хүүхдэд үлгэр, ном уншиж өг, дахин дахин бараг цээжилтэл нь уншиж өгөөрэй. Дараа нь сонссон бүхнээ дэс дараалан ярихыг хүс, та мөн өөрийн амьдралын туршлагаас ярьж өгч болно.
Хоёроос дөрвөн нас
Хүүхдээ хоёр нас хүрснээ дараа түүний мэддэг, танил юмс дээр нь үндэслэн шинэ юм заахад тэр илүү сайн тогтооно. Гурван настай хүүхэд чиглүүлсэн асуулт тавихад юмаа эргэж сайн санадаг. Ийм учраас ой тогтоолыг сайн хөгжүүлэхийн тулд тодорхой асуулт тавь. Жишээлбэл цэцэрлэгт явсан эхний өдөр нь”Чи цэцэрлэгт хэний хажууд сууж хоол идсэн. Чи хоолны дараа юу хийсэн” гэх зэргээр. Маш жижиг сажиг зүйлсийг асууж лавла. Та хүүхдэд хичнээн тодорхой асуулт тавина, хүүхэд тухайн өдөр болсон явдлаа маш сайн санана.
Түүнээс гадна сэтгэл судлаачид эдгээр дасгалын дараа хүүхэд өнгөрсөн үйл явдал ба түүнтэй холбоотой мэдээллийг сайн тогтоодог гэж үздэг. Юм тогтоож сурахын тулд хоол хийж байхдаа хүүхдээ галын өрөөндөө суулгаад алхам алхмаар юу хийж байгаагаа тайлбарлаж ярьж өг. Төмсөө угааж арилгаж хэрчиж дараа нь шардаг гэх мэт. Хүүхэд таны үйлдэл бүхнийг дэс дараалан тогтоож, оройн хоол хийхэд юу хэрэгтэйг мэдэж авна.

Цэцэрлэгийн насны хүүхэд урьдчилан ярьж өгсний дараа болсон үйл явдлыг илүү тогтоодог. Жишээлбэл циркэд очихын өмнө тэнд юу үзэх харах тухай дэлгэрэнгүй яривал тэр дараа нь бүхнийг тодорхой санана. Аялал зугаалгаар явахын өмнө үүргэвч, унтлагын уут зэргээр тоглуул, ямар зохион байгуулалттай, яаж хэрэглэдэг тухай ярьж өг. Аяллаас ирсэний дараа эдгээр эд зүйлсийн тусламжтайгаар тэр болсон үйл явдлуудыг эргэн сайн санаж, мартахгүйгээр тогтоож авна.
Дөрвөөс зургаан нас
Дөрвөн настай хүүхэдтэй ярихдаа алиалж хошигновол тэр их сайн хүлээж авна. Жишээлбэл та өвөл гадаа хүүхдээ тоглуулахаар хувцаслаж байтал тэр малгайгаа өмсөхөө мартчихвал “Толгойгоо хөлдөөхгүйн тулд хоолны сав углавал ямар вэ” гэж алиал, хүхэд инээд алдан дулаалаагүйгээ ойлгоно. Харин дараа гадаа гарах болохдоо ээжийнхээ наргиаг шууд санана. Харин та ууртай үглэж, загнан малгайгаа өмс гэвэл тэр дороо л мартчихна.
Танай хүүхэд харилцуур утас сонирхож эхэлмэгц гэрийнхээ утасны дугаарыг тогтоолго. Гэхдээ шууд цээжлүүлэх хэрэггүй. Танай хүүхэд хөгжмийн авьяастай бол дуу дуулуулж, зураг зурах дуртай бол тоогоор бичиж үзүүлж сурга. Гэрийнхээ утасны дугаарыг тогтоосны дараа өвөөгийн утсыг цээжлүүл гэх зэргээр ахь. Цэцэрлэгийн ахлах насны хүүхдүүдийн ой тогтоолыг сайжруулахын тулд ийм тоглоом тоглуулна. Ширээн дээр хэдэн эд зүйлс тавиад түүнийг анхааралтай ажиглуул, тэгээд хүүхдээ цааш харуулж эсвэл нүдийг боосны дараа ширээн дээрхээс аль нэгийг ав. Хүүхэд ширээн дээрээс юу авсныг хэлэх ёстой. Энэ тоглоомын өөр нэг байрыг сольж тавиад ямар эд зүйлсийн байрлал яаж өөрчлөгдсөнийг хүүхэд тодорхойлно.
Гурван настай хүүхэд эцэг эх, томчуулын тусламжтайгаар үзсэн харснаа болон ямар нэгэн үйл явдлын тухай бие даан ярих чадваргүй байдаг бол зургаан настай хүүхэд харин их дуртай ярьдаг, голдуу өөрөө санаачилж ярьдаг. Өнгөрсөн үйл явдлыг дурсан санах эрмэлзэл байгалиас хүнд заяажээ. Шинэ соргог зүйлс, үзэгдлийг дурсах эсвэл ярих болгонд орчноо танин мэдэх процесс уураг тархинд улам идэвжиж байдаг. Хүүхэд жижиг зүйлсийг хичнээн олон дурсан санана, төчнөөн удаан энэ мэдээлэл түүний тархинд хадгалагддаг. Ийм учраас болсон явдлын тухай хүүхэдтэйгээ ярьж түүнийг дэмжиж яриулж байгаарай.
Хэрэв хүүхэд гунигт явдлын тухай илүү дурсан санаж байвал бүү түгш, үүнд гайхах юм байхгүй, яагаад гэвэл стресс хүүхдийн анхаарлыг ямар нэг зүйл дээр төвлөрүүлж ой санаанд үлдэхэд нөлөөлдөг гэж үздэг. Чухам ийм учраас хүүхэд эмчийн өрөөнд байсан тод өнгийн тоглоомыг биш харин хуруунаас нь хэрхэн цус авсан тухайг ярьдаг.
Зургаа ба түүнээс дээш нас
Сургуульд орсноос хэдэн сарын дараа хүүхдийн юм тогтоох чадвар эрс нэмэгддэг, яагаад гэвэл хүүхдэд нэмэгдэл ачаалал ирж, түүний ой тогтоолыг хөгжүүлэн дасгалжуулдаг, олон шинэ үг тогтоох, тооны хүрд цэээжлэх гэх мэт. Ой тогтоолт яг булчин шиг зөв дасгал хийхэд улам сайжирч бэхждэг.
Долоон настай хүүхдэд тодорхой мэдээлэл тогтоох бяцхан заль зааж өгвөл зохино. Хэрэв тэр амьдардаг гудамжны нэрээ тогтоож чадахгүй байвал гэрийнхээ гадаа зогсож хичнээн олон хүн хажуугаар нь өнгөрч явааг харуул, мөн хэдэн хүн явж байгааг тоолсон ч болно. Үүний дараа тэр амьдарч байгаа гудамжныхаа нэрийг сайн тогтооно. Та түүнд даалгавар өгөөд мартуулахгүйн тулд танил эд зүйлсийг ашиглан сануул. Огт санаандгүй газар жишээлбэл тоглоомны машин дээр нь шүдний сойзыг тавьж, тэгвэл хүүхэд унтахын өмнө тоглоомоо хурааж байхдаа түүнийг харж, шүдээ угаах хэрэгтэйг санана. Хүүхдээ бичиг мэддэг болсны дараа чухал юмыг цаасан дээр тэмдэглэж харагдах газарт тавьж сургах хэрэгтэй.

Сэтгэлзүйчид хүүхдийг ухаантай болгохын тулд зайлшгүй хийж байх шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гаргажээ. Хэдийгээр хүүхдийн өөрийн удмын ген гэж байдаг ч тэрхүү генийг байнгийн идэвхтэй үйл ажиллагаанд оруулж чадвал таны хүүхэд ухаантай болж, ой тогтоолт нь сайжирна гэж

судлаачид үзэж байна.

Аль болох их юм бичүүлэх
Хүн тогтмол юм бичиж байвал тархинд байнга шинэ санаа төрж эхэлдэг ба энэ үйлдэл нь аливаа асуудлыг дүгнэж цэгнэх, сэтгэн бодох сайхан дасгал болж өгдөг байна. Үүнээс гадна гарын тодорхой цэгүүдэд иллэг хийгдэж, ой ухаанд сайнаар нөлөөлдөг. Ер нь хүүхдээрээ өдрийн тэмдэглэл хөтлүүлж сургах хэрэгтэй. Гэхдээ заавал өөрийн гараар бичүүлэх нь илүү үр дүнтэй.
Хүүхдийнхээ хором бүрийг үр ашигтай өнгөрүүлэх.
Хүн дунджаар 200 гаруй цагийг тээврийн хэрэгсэлд, амьдралынхаа ихэнх цагийг унтаж
өнгөрүүлдэг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр хором бүхнийг дэмий өнгөрөөх бус ямар нэгэн зүйлийг сэдэж хүүхдээ аль болох завгүй байлгах хэрэгтэй. Хэдийгээр ядарсан үед нь өөр зүйлийг санаачлан хийлгэх ч юм уу, эсвэл өөрийнх нь сонирхсон сэдвээр ярилцаж ч болно.
Хүүхдэдээ тоглох цагийг хангалттай гаргаж өгөх хэрэгтэй
Учир утгагүй тоглоомонд шунан тоглуулах бус аль болох сэтгэл хөдлөл болон үгийн сүлжээ, эвлүүлдэг тоглом, логик тоглоомыг тоглуулснаар хүүхдийн сэтгэн бодох тетрис логик сэтгэлгээ хөгжихийн хэрээр ой ухаан сайжирна. Ялангуяа бага насны хүүхдийг тоглоомоор нь дамжуулан ой тогтоолтыг нь хөгжүүлж чадвал хүүхэд өөрөө өөрийгөө хянаж яваандаа тоглох зөв дадал хэвшилтэй болж чадна.
Цусны эргэлтийг нь сайн анхаар.
Цусны эргэлт муудах нь оюун ухаан муудах нэг шалтгаан болдог. Компьютерийн олон үйлдэлт тоглоомууд нь хүүхдийн анхаарлыг төвлөрүүлж чаддаг ч нэг зүйлд хэт их анхаарал нь төвлөрснөөс тархины үйл ажиллагаа сааталд ордог тул аль болох тодорхой хэмжээнд барьж байх нь зүйтэй. Хүүхэд хэдий чинээ хөдөлгөөнтэй байна төдийчинээ цусны эргэлт нь сайн байна гэсэн үг. Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суух нь цусны эргэлтийг удаашруулдаг учраас хүүхдийн хөдөлгөөнийг үймүүлж байна хэмээн хэт их хорьж болохгүй. Хөдөлгөөн бол хүүхдийг ухаантай болгох хамгийн зөв үйлдэл гэж үздэг.
Гадаад хэл сурах.
Хэрвээ та хүүхдийнхээ ой санамжийг сайжруулахыг хүсэл гадаад хэл сургах хэрэгтэй. Энэ нь зөвхөн хүүхэд ч бус томчуудын хувьд ч чухал юм. Гадаад хэл сурах нь хүний цээжлэх чадвар, ой санамжийг дээшлүүлдэг төдийгүй оюун ухаанаа төвлөрүүлэх, сэргээн санах чадварыг нэмэгдүүлж байдаг.
Авсан мэдээллийг бусадтай байнга хуваалцах.
Аливаа зүйлийг өөрийн болгох хамгийн шилдэг арга нь бусдаас суралцах явдал юм. Хүүхэд бүх зүйлийг төгс эзэмшиж чаддаггүй учраас амжилт гаргасан үед нь худлаа магтаж болохгүй аль болох дараагийн суралцах зүйлийх нь талаар өөдрөг сэтгэгдэл төрүүлж байх хэрэгтэй. Сурч авсан зүйлийнх нь талаар аль нь зөв аль нь буруу болохыг байнга ярилцаж чадвал цаашдаа хүүхэд өөрөө дүгнэх чадвартай болно.
Зөв унтахад нь анхаарлаа хандуул.
Хүний биеийн болон оюун ухааны чадамж нь зөв унтаж амрахаас ихээхэн шалтгаалдаг. Байнгийн дутуу нойртой явснаас хүүхдийн сэтгэн бодох чадвар буурч, ой санамж мууддаг гэдэг нь бүгдэд тодорхой бөгөөд дутуу нойртой хүн сэтгэх нь багасч зөвхөн механик үйлдэл л хийж чаддаг байна. Тийм учраас хүүхэд яагаад дутуу нойртой байгаа шалтгааныг нь олж эрүүл мэндэд нь зайлшгүй анхаарах хэрэгтэй.
Хүүхдийн хоол хүнсэнд аль болох төмөр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх.
Төмөр тархины үйл ажиллагааг сайжруулж, хүчилтөрөгч тархинд ирэх замыг засч өгдөг. Төмрийн дутагдалд орвол тархины үйл ажиллагаа эрс буурна. Төмрийн агууламж бүхий тугал, тахианы мах, хонины шарсан элэг, бөөр, какао, өндөгний шар, хясаа, хушны самар, нэрс, үзэм, тоор, сардин загас, шоколад, чанасан вандуй, шош гэх мэт бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэвэл төмрийн дутагдалд орохгүй байж болно.
Холестириний хэмжээг анхаарах.
Хүний бие махбодод холестириний гүйцэтгэх үүрэг асар их бөгөөд ой санамж, мэдрэлийн системийн ерөнхий байдал цусан дахь холестиринээс ихээхэн хамаарна. Холестирин ихэдсэнээс зүрх судасны систем гэмтэж, энэ нь цусанд нөлөөлж тархины цусан хангамж буурдаг. Үүнээс болж тархины үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодис багасч, санах ой тогтоолт буурч, оюун ухаанаа төвлөрүүлэх чадвар буурна.

Нэгдүгээр дүрэм. Ой тогтоолтын Локик арга.
Та хүүхдээ ямар нэгэн юмыг аваад ир гэхэд таны зааж өгсөн газрыг мэдэхгүй таны хэлсэн зүйлийг олохгүй байх нь элбэг тохиолддог. Гэвч тэр тавилганы хажууд түүний урд байгаа гэж зааж өгвөл олоод л ирдэг. Энэ их энгийн зүйл боловч гэрийнхээ эд хогшилыг хаана юу байдгийг мэдэж авах бөгөөд таны аваад ир гэсэн юмыг хаана байдаг гэдгийг нь тогтоож авах болно. Энэ нь хүүхдийнхээ ой тогтоолтыг хөгжүүлэх энгийн арга бөгөөд таньд ч тусалж байгаа эхний алхам юм. Хүүхэд гэр орныхоо аливаа асуудалд оролцож байх нь гэр бүлийн нэг гишүүн гэдгээ мэдрэх төдийгүй, энэ гэр бүлд миний оролцоо байдаг гэдгийг мэдэрч аливаа асуудалд оролцож, хэн нэгний төлөө санаа тавьж эхэлнэ. Хэрэв таны хүүхэд санамсаргүй байдлаас болж, толь хагалах юмуу, ямар нэгэн зүйлийг гэмтээсэн тохиолдолд уурлаж хэрхэвч болохгүй. Хэрэв та түүнийг зэмлэн буруутгавал хүүхэд таньд туслах нь бүү хэл харин ч төвөгшөөж ямарваа зүйлийг хаана байгааг тогтоож авахгүй зөвхөн тухайн үед л эрж хайдаг нэгэн болох болно.
Хоёрдугаар дүрэм.  Хүүхдийн мэдрэхүйг нь хөгжүүлэх.
Хүний мэдрэхүйн бүхий л үйл ажиллагааг хэдий чинээ хөгжүүлнэ, ой тогтоолт төдий чинээ сайн хөгждөг. Хүний ой тогтоолт сэргэхдээ бүхий л хэлбэрээр илэрдэг учраас хүүхэд тухайн үед мэдээллийг яаж хүлээж авсан, яг тэр хэлбэрээр ой санамж нь сэргэдэг. Хэрвээ хүүхэд чинь таны хэлж захисан зүйлийг мартаад байвал та сануулахын тулд цаасан дээр бичээд нүдэнд нь ил харагдах газарт наах хэрэгтэй. Дараа нь дахиад сануулах хуудсаа хуучин газарт нь л наагаарай. Хүүхэд эхэндээ тухайн цаасан дээр байгаа зүйлийг юу бичсэн билээ гэж уншдаг байснаа, дараа нь тухайн цаасыг хараад уншихгүйгээр шууд л таны хэлсэн зүйлийг санадаг болно. Та захих зүйлээ хүүхдэдээ хэлээд харин цаасан дээр бичихгүйгээр тэр газраа хоосон цаас наагаад үзээрэй. Энэ мэтчилэнгээр та хүүхдийнхээ ой тогтоолтыг өдөр ирэх бүр сайжруулах хэрэгтэй. Бид нар энэ нь байдаг л нэг энгийн зүйл гэж боддог ч харин хүүхдийн чинь хувьд бол их өөрчлөлтийг авчирдаг гэдгийг санах хэрэгтэй.
Гуравдугаар дүрэм. Хүүхдийн ажиглах чадварыг хөгжүүлэх
Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ үргэлж хамт байж чаддаггүй болохоор хамт байгаа тэр л хэдэн цагийг үр дүнтэй өнгөрөөх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ гадуур салхинд гарахдаа, дэлгүүр явахдаа, сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө ч эргэн тойронд нь юу болж байгааг, бид нарын хажуугаар ямар дугаартай машин өнгөрсөн бэ, энэ хэдэн давхар байшин байна вэ, энд хэдэн хүн зогсож байна, лангуун дээр юу юу өрөөтэй байна, бид хоёр хэдэн цагт гэрээсээ гарсан бэ, гэх мэтчилэн үргэлж хүүхэдтэйгээ хүрээлэн байгаа орчныхоо талаар асууж, ярилцаж байвал хүүхдийн ажиглах чадвар хөгжиж ой тогтоолт нь сайжирна.
Дөрөвдүгээр дүрэм. Гинжин  холбоосыг хөгжүүүлэх.
Энэ нь тухайн зүйлийг эхэлж санахдаа ой ухаанд чинь юу орж ирсэн яг тэр хэвээрээ санах явдал юм. Утасны дугаарыг тогтоохдоо сургууль цэцэрлэгийн дугаар ашиглан тогтоож болно. 99 29 63 53 дугаарыг тогтоохдоо сүүлийн 6 орныг тухайн сургууль хаана байдгийг мэддэг хүн хялбархан тогтоочихно.
Сүү
Өндөг
Гахайн мах
Жимсний шүүс
Вандуй
Эхлээд өндөг сүү хоёрын хоорондох холбоог гаргах хэрэгтэй. Сүүний шилэн лонхруу өндөг орох гээд зүтгэж байгааг төсөөлж болно. Дараа нь өндөг гахай хоёрыг холбоорой. Ингэхдээ өндгөн хүүхэлдэй гахайн тооройтой хамт бүжиглэж байгааг дүрсэлж болно. Гахайн махыг жимсний шүүстэй холбохдоо, жимсний шүүсэн цөөрөмд тоорой хөлөө дүрж буйгаар гэх мэт аливаа зүйлийг холбохдоо хүүхдэд санахад хялбар хэлбэрээр холбож өгөх нь ой ухаан сэргэхэд илүү үр дүнтэй байдаг.
Таны хүүхэд хүрээлэн байгаа орчноо ажиглаж, тухайн зүйлийн шинж чанарыг танин мэдэх хүртлээ ой ухааныг нь хөгжүүлж чадвал IQ буюу сэтгэн бодох чадвар нь хөгжиж чадна.

 Эх сурвалж: mama.mn

About these ads

About Admin
Судлаач

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: